Wednesday, May 19, 2010

Хайрыг битгий мөрөөдөл болго [Өгүүллэг]

-Чамд нэг юм яръя... Харин чи намайг согтуудаа солиорч байна гэж битгий бодоорой. Би өнөөдөр уусан, би өнөөдөр ганцаараа уулаа. Гэхдээ ухаанаа алдтал уугаагүй. Би өнөөдөр ганцхан зүйлийг ойлгосон болохоор уулаа. Aрван найман жил шаналж, зовсны эцэст, арван найман жил хий үзэгдэл хүлээсний эцэст би ганцхан үгүүлбэр л оллоо. Хэхэххэ... ганцхан үгүүлбэр шүү. Бараг үгүүлбэр ч биш дээ. Хагас л үгүүлбэр байх. Арван найман жил, арван найман жил... арван найман жил бодоод үздээ, хүн арван найман жил бодсоны эцэст ганцхан үгүүлбэр ойлгосон гэдэг. Инээдтэй байгаа биз дээ. Чи ойлгож байна уу. Арван найман жил шүү дээ. Арван найман жил гэдэг бол нэг хөөрхөн охин дунд сургуулиа төгсөөд анхны хайртайгаа учрах хугацаа шүү дээ. Ямар их хугацаа вэ... Хэрвээ би арван найман жилийн өмнө ганцхан хаалганы хонх дарсан бол өдийд арван наймтай охинтой ч байх байсан. Миний дэмий үрсэн цаг, орон зайг дүүргэх нэг хөөрхөн охин байх л байсан. Гэтэл үүний оронд би ганцхан зүйлийг л ойлголоо. Ганцхан хоосон үгүүлбэр шүү дээ. Чи ойлгож байна уу?...
Арван найман жилийн өмнө (чи сонсож байна уу?) би нэг охинд дурлалаа. Би хайртай болъё ч гээгүй, хайртай болчихлоо ч гэж санаагүй. Зүгээр л эвлүүлдэг модон тоглоом шиг бүх юм таараад, би өөрөө ч мэдэлгүй нэг хөөрхөн охины харцанд уусаад, урсачих шиг санагдахгүй юу. Зөн билгээрээ хайр дурлал гэж би мэдэрсээн. Уран зохиолын ном, кинон дээр гардаг жинхэнэ хайр сэтгэл мөн байх гэж таасан. Гэхдээ ямар зүрх сэтгэлийн багш бидэнд байх биш, энэ нь жинхэнэ хайр, энэ нь хуурамч хайр гэж хэн ч бидэнд зааж өгдөггүй шүү дээ. Би өөрөө бүрэг ичимтгий хүүхэд болохоор ч тэр үү, бяцхан зүрхэнд сэдэрсэн, цусанд шингэсэн нууц увидасыг айдас хүйтэстэйгээр эдэлсэн дээ. Зүрхнийхээ “хамаг хаалга, цонхыг хаагаад” ч тэр их хяналтгүй мэдрэмж, шинэ амьдралын сэлбэлтийг хорьж тогтоох хүч надад байгаагүй. Миний хамаг цус шинээр сэлбэгдэж, тархинд шинэ сүв нүх нээгдэж, урьдах амьдралдаа ч энэ жаргалыг эдэлсэн мэт санагдаж, ганцхан ингэж учрахын тулд энэ хорвоод хүн болж мэндэлсэн мэт бодол төрж билээ...

Бодоод үз дээ, дөнгөж хорьтой хүүхэд ийм юм бодно гэж. Тэгэхэд би яг, за байж бай... яг арван естэй байж. Чи бодоод үз л дээ, чиний бүх амьдрал өмнө чинь байхад чи - хоёр салаа урт гэзэгтэй жижигхэн охинтой л учрах гэж хүн болж төрсөн гэдэг бодол төрвөл яах вэ. Амьдрал чинь алган дээр байгаа мэт санагдахад чи яах вэ. Чиний амьдрал - төрлөө, гэрлэлээ, хүүхэд төрүүллээ, үхлээ гээд л төгсөх мэт санагдахад чи яах вэ. (Чи ойлгоно уу.) Хүн жинхэнэ дурлахаар үхэл хажууд харагддаг юм.. Амьдрал асар энгий мөртлөө, саруул... чамд ойлгуулж хэлэхэд амьдрал чинь нэвт харагдаад ингээд л үхвэл үхмээр санагддаг байхгүй юу, ойлгож байна уу... Хэдийгээр хүн амьд явахад хоол идээд, агаар амьсгалаад, унтаад, бааж шээх л хангалттай боловч амьдрал үзээгүй, эцэг эхийнхээ халамжнаас ч гараагүй жаахан хүүхдэд чи ингэж хэлээд үз л дээ. Бяцхан ч гэсэн тэдний зүрх хамгийн хүнд хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг тээдэг шүү дээ. Тэр их хүсэл мөрөөдөл нь хорьхон насанд биеэлнэ гэдэг ямар гайтай хувь заяаны шоглол гэж санана...

Хайрласан хүнд хачин хачин бодол төрдөг юм байна лээ. Би одоо заримдаа эргээд бодохоор өөрийгөө ойлгодоггүй юм. Харин чамтай ярих сайхан байна. Мартагдсан зүйлс тодроод... Согтуу хүн эрүүлдээ юу хийж ярьснаа заримдаа сайн санаж, ойлгодоггүй шиг би ч гэсэн эргээд арван найман жилийн өмнөх явдлаа сайн санаж, өөрийгөө ойлгодоггүй юм.

Гэхдээ одоо, 59-н тоот, лаакадсан саваа модоор бүрсэн бор хаалганы өмнө зогсож байгаа өөрийгөө би харж байна. Гар чичрээд, ам хатаад, цээжин дотроос зүрх нүдээд л байна. Харин би уригдсан атлаа хаалганых нь өмнө ганцаар зогсоод л. Яагаад гээч, яагаад гэвэл зөн билгийнхээ эсрэг, зүрх сэтгэлийнхээ өөдөөс би боссон. Чи ойлгож байна уу. Би хувь заяаны боол болохыг хүсээгүй. Би хувь заяаны боол болохыг хүсээгүй юм... Гэрээс баяр хөөр, төрсөн өдрийн дуу сонсогдоод л харин би хүйтэн орцонд амьсгаагаа чагнан ганцаар зогсоод л, надад ямар хэцүү байсан гээч. Хайртай охин маань намайг л хүлээж, хаалганы цаана олны дунд, дотроо шаналж буйг би хажууд нь байгаа мэт мэдэвч хонх дарах гэхээр л гар сунаагүй... Залуу насны омог зориг тийм л тэнэг зөрүүд байдаг юм даа.

Надад миний амьдрал энэ хаалганы наана цаанаас хоёр хуваагдах мэт санагдаж байлаа. Хэрэв би тэр хаалганы босгыг л давах юм бол дурлал маань миний мөрөөдөл байхаа больж бодит амьдрал болно. Хайртай охинтойгоо үхэн үхтлээ би өдөр шөнөгүй хамт байх болно гэж төсөөлөгдөж байлаа. Аз жаргал маань тэр хаалганы цаана байгааг би мэдэрч байсан ч, ганцаар шаналан хүйтэн орцонд зогссоор л байсан. Сонин шүү, хүний амьдрал нээрээ. Одоо хүртэл над зүрхэндээ багтахааргүй гутрал, гунигаа нүүрээ таглан чимээгүй уйлж гадагшлуулах жаахан охин нүдэнд үзэгдэхэд хайраа мөрөөдөл байлгах гэж нүгэл хийснээ би улам хурц мэдэрдэг юм даа.

Жаргаж болдоггүй хорвоод төрсөн болоод ч тэрүү, эсвэл хайр дурлалдаа сохорсон болохоор ч тэрүү. Би жаргал, зовлон хоёрын зовлонг сонгосон юм. (Мөрөөдөхийн тулд зовсон зовлого доо.) Гэхдээ ганцхан би ч биш, миний хайр ч гэсэн зовлонг сонгосон юмшиг надад санагддаг. Магадгүй тэр надад хайргүй ч байсан байж болно. Хэрэв тэр үнэхээр хайртай бол, яагаад намайг хаалганы цаана шаналан зогсоог мэдээгүй юм бэ. Яагаад ганц удаа ч гэсэн хаалгаараа шагайж шалгаагүй юм бэ? Үнэхээр л хайртай бол надад итгэх ёстой шүү дээ. Намайг хайр дурлалдаа сохроод шаналж байхад тэр яагаад ганц удаа ч гэсэн утасдаж, уулзахыг хүсээгүй юм бэ. Тиймээс тэр ч гэсэн зовлонг сонгосон... Зовож хайр дурлалаа шалгахыг бид хүссэн юм.

Одоо бодоход миний хайр жинхэнэ гэдгийг мэдрэхийн тулд би зовож л дээ. Чи ойлгож байна уу. Амьдрал үзээгүй хүүхдэд хайр сэтгэлээ үнэн гэдгийг шаналж, зовж байж л мэдэх ганцхан арга байж. Энэ хорвоо нээрээ, сонин зохион байгуулттай байгаа биз. Алган дээр байхад нь үнэлэхгүй эргэлзээд, алга болон талийн одоход нь хайр байжээ гээд сууж байдаг. Амьдрал дөнгөж эхлэж, цэцэглэж байхад ганц халтираад л насан туршдаа шаналж, зовж явах өрөвдөлтэй юу. Чи хэл л дээ. Миний амьдрал яг ийм шүү дээ... (Пийв уух уу? би аваад өгье.)

-Яг үнэнээ хэлэхэд аз жаргалыг би богинохон амслаа. Түүнийхээ нүдийг ширтээд, өөрийн зөнгөөр баяр баяслаар бялхахдаа л би амьдарсан. Харин түүнээс хойш хий дүрсэд зүрх сэтгэлээ буулаалгасан сүүдэр зөөгч л явлаа. Чи ойлгож байна уу. Тэр арван найман жилийн өмнө өөдөөс ширтэн зогсох хөөрхөн охин чинь миний сэтгэлд үлдсэн дүрс шүү дээ. (Би мэдээд байгаа байхгүй юу. Чи ойлгож байна уу). Өөрчлөгддөг ч үгүй, хөгширдөг ч үгүй дүрс шүү дээ. Би өөрийгөө ч гэсэн тэр л жаахан банди шиг төсөөлж явсаар арван найман жил болжээ. Гэтэл энэ бие хөгширсөн л байгаа биз. Сэтгэл гэдэг тийм л сонин, чи ойлгож байна уу. (Уу л даа).

Наашаа гарахдаа би түүнтэй утсаар ярьж, надтай ганцхан уулзаач гэж гуйхад уулзаагүй. Би Баянголын өмнө машин дотор шөнөжингөө хүлээхдээ, тэр харанхуй шуургатай шөнө хамаг амьдралаа зүхээд, дахиж хэзээ ч ингэж өөрийгөө зовоохгүй гэж тангараглаад, тэр хүүхнийг үнэн голоосоо үзэн ядахдаа би юу ч ухаараагүй л юм даа. Харин өнөөдөр л би ганцхан зүйлийг ойлголоо, тэгээд л чамд бүгдийг ярьж байна. Би чамд ганцхан юм хэлье. Чи сайн бодоорой.

Хайрыг битгий мөрөөдөл болго.

Гоё байгаа биз. Арван найман жил бодсоны эцэст би үүнийг олсон юм. Хайрыг битгий мөрөөдөл болго. Ойлгож байна уу, чи хайр дурлалыг юу ч болгож болно, цэцэг навч, нар сар, мөнгө мааний, юу ч болгож болно. Харин зөвхөн мөрөөдөл битгий болго. Тэгэх юм бол чи хагацаж салсан ч зовохгүй. Хайр гэдэг чинь дуралсан хүний л зүрх сэтгэл, ганцхан тэр хүнд л өөрт нь байгаа зүйл болохоор заавал тэгэж бүтэхгүй юманд шаналах хэрэггүй. Нарны цацраг юуг ч ивээдэг шиг, зүрх сэтгэлийнхээ дулаан хайраа бид хэн дуртайдаа бэлэглэж чадахгүй гэж үү. Тэглээ гээд хайр сэтгэл чинь хямдрахгүй шүү дээ. Харин ч илүү их эрч хүч авах болно. Чи ойлгож байна уу. Хайр сэтгэл гэдэг чинь хаднаас ургадагүй, харин бидний зүрх сэтгэлээс ургадаг. Тэгээд ч жинхэнэ хайрын амт бол мөнхөд шинэ байдагтаа шүү. Тиймээс давтагдашгүй мөч бүхнийг сэтгэлдээ давтах нүгэл биз дээ. Чи ойлгож байна уу. Хэрвээ хайр сэтгэл биднээс хамаардаггүй Бурхан Тэнгэрээс заяадаг зүйл юм бол бид яагаад заавал зовох ёстой юм бэ. Хүн жаргах гэж л дуралдаг биз дээ. Гэтэл зовж шаналсаар бид дурлах албатай юу. Жаргал бэлэглээгүй бол дурлах ёстой гэж үү. Үнэхээр сэтгэлийн үнэн хайр юм бол зовох эрх бидэнд бий юу. Хүний нас богинохон шүү дээ... (За байжээ, би жорлон ороод ирье.)

-Дэмий баахан юм ярьж чамайг залхаачихлаа, уучлаарай миний найз... Би тэр хүүхэнтэй сүүлд нь энд ирээд имэйлээр нэлээн харилцсан. Харин сүүлийн хоёр жил таг. Ажлаа тараад л би имэйлээ шалгадаг. Олон найз нөхөд, бусад хүүхнүүдээс захиа ирж л байдаг харин би ганцхан захиа л хүлээдэг юм. Ганцхан үг ч байсан болно. Зүгээр л сайн уу, гэсэн ч би баярлана. Гэтэл таг. Би донтой юмшиг имэйлээ шалгадаг гээч. Хэчнээн ядарч байсан ч би заавал имэйлээ шалгадаг. Бүр автомат мэт, илүү шаналж зовохоо мэдсээр байж шалгадаг гээч. Яг л архинд донтсон, эсвэл тамхинаас гарах гэсэн хүн шиг үгүй, үгүй гэсээр л нэг мэдэхэд имэйлээ шалгаж байдаг юм. Ганцхан хонх дарж зүрхлээгүй хуруугаараа би хэчнээн комьютерын товчлуур дарсан гээч... Сүүлдээ бүр би хэрэв тэр хүүхнээс имэйл ирэх юм бол уншихгүй шууд л устгана гэж боддог болсон. Яадаг юм, шууд л устгана. Захиаг нь уншиж үзэх ч үгүй. Би чадна чи харж л байгаарай.. Би чадна. Би ёстой заналтай хэлчихье. Би хэчнээн түүнийг үзэн ядаж байна гээч... Намайг шантраад уйлж байна гэж битгий бодоорой. Би өнөөдөр үнэндээ л жаргаж байна. Хайр сэтгэл гэдэг чинь бидний л сэтгэл болохоор миний хайр өнөөдөр төгслөө. Өө, ямар их эрх чөлөөг би мэдрэнэ вэ...

Яагаад тэр над ганц удаа ч гэсэн захиа бичиж болдоггүй юм бэ. Хүний амьдралаар ингэж тоглож болно гэж үү. Саяхан нэг хүн түүнийг өвчнөөр нас барсан гэсэн, би нүдээрээ хараагүй юм чинь итгээгүй. Би яаж итгэх юм бэ. Надад тэр хайртай л юм бол хэлэх ёстой шүү. Намайг ингэж орхих ёсгүй. Миний хайр намайг амьд юмшиг зовоосоор байхад тэр үхэх ёсгүй. Үгүй ээ, үхсэн гэж би хэлээгүй шүү. Тэр хүн тэгэж хэлсэн юм. Чи ойлгож байна уу. Тэр хүн тэгэж хэлсэн юм. Би биш...
..................
-Өө чи явах гэж байна уу. Надаас үргэчихсэн үү, үгүй биз дээ. За найзыгаа зөв ойлгоорой. Би байна ш дээ. Дахиж хэзээ ч имэйлээ шалгахгүй... Үгүй ээ, үгүй, тэгэж худлаа хэлээд ч яахав. Би үнэндээ мэдэхгүй ээ... шалгаж ч магадгүй... амьдрал чинь хараал идсэн давталт биз дээ. Заа заа, баяртай...
 
Мэдээллийн эх сурвалж:
www.download.mn

Monday, May 17, 2010

Хайр программ


                                  

Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. ХАЙР -ын программыг яаж суулгадаг (install) вэ?

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?

Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ, АТААХОРСОЛ. ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөө чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ЕХЕ -г арчиж ИХ ИТГЭЛ.ЕХЕ гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тө өөрөө ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр програмууд нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн програм. Үүний хамгийн сүүлийн үеийн загварыг суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч: Еооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ?

Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?

Худалдан авагч: АЛДАА 412 - ПРОГРАМ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?
Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын програм нь өөр ЗҮРХ-үүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вә?

Мэргэжилтэн: "ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ" гэдэг файлын доорх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DОС, ӨӨРТӨӨ ИТГЭХ.ТХТ, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.ТХТ болон САЙН ҮЙЛС.DОС гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтсандаа хийгээрэй! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.ЕХЕ -ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүурч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.МР3 дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, ЭНХ ТАЙВАН.ЕХЕ ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ -ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна. 

Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя. 

Худалдан авагч: Юу билээ?

Мэргэжилтэн: Хайрын програм үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг бух хүмүүст forward хийгээрэй! Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа дараа эргээд танд цэвэрхэн модулиуд илгээх болно

Мэдээллийн эх сурвалж :

http://superwarez.blog.gogo.mn/